Амьддаа бие биенээ хайрла



Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхэнд битгий түлх
Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачыг чинь тэд бас бүү умартаг

Ганц сайхан үгээрээ дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрнийг нь л олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамайг хайралсных нь хариуд хайрла
Чамаас ч сайхан хүүхэн түүнд дурлаж болно шүү дээ
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг бүхэн нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс бүхэн нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр авь адилхан учирал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөж аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлах ч
Өөр нэгэн өдөр чи уйлж цаадах чинь дуулах болно
Өлгий авс хоёрыг хүн болгон дамжидаг болохоор
Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла
Өргөн хорвоод хүн гэгч хайраар дутах учир
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд авь адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж ойлгоном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ...

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Усан дарсын хэлэх дуртай үгсээс...

Эмэгтэй хүн инээж л байвал Энэ хорвоо ертөнц тэр чигээрээ инээдэг юм аа. Тэгэхээр Миний Монголын сайхан бүсгүйчүүд минь үргэлж инээмсэглэн амьдраарай. Та бүгдийг инээж л байвал таны хайртай хүн бүхний амьдралд аз жаргалтай өдрүүд үргэлж айлчилж байх болно гэдэгт итгээрэй.